Monday, April 11, 2011

Нохой сургалтын тухай

Сургалт гэдэг нь тодорхой, дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй дадал суулгахыг хэлдэг. Гөлөгийг 8-16 долоо хоногтойд нь сургавал сурсан зүйл нь насан туршид нь улддэг. Гөлгөн нохойд 6 сар хүрэхэд зарим нэг чухал дадал суулгасан байх шаардлагатай. Хамгийн эхэнд гөлгөн нохой зохих газар бие засаж сурсан байх шаардлагатай байдаг. Мөн өөрийн дуудлагыг /нэрийг/ мэддэг ба хүзүүвч оосорт дасгах хэрэгтэй.

Түүний дараа бага зэрэг том болоход нь суу, хэвт, надад дээр, зогс, зэрэгц зэрэг тушаалыг биелүүлж чадахаар сургах хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг сайн сурснаар нохойг өөрийг нь хамгаална. Жишээлбэл, автомашинд дайруулахаас сэргийлнэ. Сургалтанд жижиг гэлгүй хариуцлагатай хандвал тодорхой үр дүнд хүрдэг юм.

Нохой сүргийн амьтан учраас сүргийн ахлагчийн удирдлаган доор байдаг. Нохой эзнээ сүргийн толгойлогч гэж үзээд гэрийн нөхцөлд өөрийгөө нэгэн гишүүн байдлаар амьдардаг.

Нохойг тодорхой сургалтанд хатруулахаас өмнө нь дуудлаганд дасгасан байх шаардлагатай. Аливаа нэг дасгал гүйцэтгэхийн өмнө нэрийг нь дуудахад түүнтэй харьцаж байна гэж ойлгодог. Нохойны дуудлага Лис, Мосс, Дик г.м богино байвал зүгээр байдаг. Нэрэндээ дассаны дараа хүзүүвч оосорт нь дасгана. Хүзүүвчийг хоолройнд нь хоёр орох зайтай зүүнэ.

Сургалт явуулахдаа дуут командуудыг "Суу" гэж хэлээд дараа нь Суугаад г.м жигд тод дуугаар хэлэх нь зүйтэй. Нохойг сайн сургахын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулна. Ер нь өдөрт таваас таван минутаар дөрвөн удаа эсвэл хоёр удаа 10 минутаар дасгал сургуулиа хийвэл зүгээр байдаг. Эхний үед сургалтыг танил орчинд нь эхэлдэг. Дараа нь сургалтын явцыг хүндрүүлнэ. Хичээл дуусмагц нохойг зугаалүүлж урамшуулна. Сургалтын явцад 1,8 м урттай богино оосор, 10 м урт оосор, хүзүүвч г.м гол хэрэглэлүүд хэрэгтэй байдаг. Гэхдээ хэт богино оосор хэрэглэх нь нохой үг авдаггүй муу талтай.

No comments:

Post a Comment